HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
HRM - Эрүүл мэнд | Сэтгэл зүй
- 2024 / 05 / 24
BRAIN FITNESS | ТАРХИНЫ ФИТНЕСС

Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Тэрээр лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр Ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж.


Тархины нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлсэлийн тухай бодохыг даалгав. Ердийн шинжилгээнд нийт арван зургаан мэдрэгч электродыг хүний толгойд зүүж хэрэглэдэг бол Мингүр Рибүүчийн толгойд маш нарийн шинжилгээ хийх үүднээс нэг зуун хорин найман мэдрэгчийг зүүжээ.

Ингээд үр дүнг харахад бүх оролцогчдын тархины гамма долгион буюу хүний сэтгэл ханамж, хайр энэрэлийн (эхийн хайр шиг) мэдрэмжийн үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн бол лам нарынх энгийн хүмүүсийнхээс хэд дахин илүү, харин Мингүр Ринбүүчийнх тоног төхөөрөмж зөв зааж байна уу гэж эрдэмтдийг гайхшруултал маш өндөр үзүүлэлт гарчээ. Тархины үйл ажиллагааны ийм өндөр эерэг үзүүлэлтийг өмнө нь хэн ч үзүүлж байгаагүй нь тархи судлалд яах аргагүй онцгой үйл явдал болов. Хамгийн сонирхолтой нь хайр нигүүлсэлийн тухай бодохоо болингуут энгийн хүмүүсийн гамма долгион шууд буурсан бол лам нарынх өндөр түвшингээ удаан хугацаанд хэвээр хадгалсаар байлаа.

Судлаач Дэвидсон үүнийг дүгнэхдээ байнгын бясалгал хийж, нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн бодох нь хүний тархийг өөрчилж, тархины зүүн буюу аз жаргал, амгалан тайван мэдрэмжийг төрүүлдэг хэсгийг хөгжүүлдэг гэж үзжээ. Нэгэнт хөгжсөн тархи нь гадны нөхцөл байдлаас үл хамааран нигүүлсэнгүй, амгалан мэдрэмжээ удаан хадгалж чаддаг нь шинжлэх ухаан, анагаах ухаанд томоохон нээлт болж “ТАЙМ” сэтгүүл Дэвидсон эрдэмтнийг АНУ-ын 2006 оны онцлох хүнээр шалгаруулж байжээ.

Хүний тархи нь хүүхэд ахуй цагт маш хурдацтай хөгжиж, харин насанд хүрэхэд хөгжил нь бараг зогсдог гэж үзэж байсан үе өнгөрч хүний тархи сэтгэн бодох, сурах, болон зан үйлдлээс хамааран өөрчлөгдөх, улам хөгжих боломжтойг нээсэн нь анагаах ухаан, сэтгэц судлалын чухал ач холбогдолтой болов. 

Тархи судлалын энэ чиглэлийг невропластик (тархины уян чанар) гэж нэрлэх бөгөөд хүний тархинд тогтсон, дадаж заншсан мэдрэлийн эсийн дохиоллыг (тухайлбал, дургүй хүнээ хараад уурлах, нохой хараад айх г.м) өөрчлөн, өөр төрлийн дохио үүсгэх чадварыг хэлдэг. 

Оросын Нобелийн шагналт зохиолч Б.Пастернакийн “Живаго эмч” зохиолд гол баатар нь “би ертөнцийг үзэх, танин мэдэх хүний уян, уран чадварт (пластическое восприятие) илүү дуртай” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Хүн хэдий чинээ зөв бодол, зөв сэтгэлийг үүсгэж байнгын тархины дасгал хийнэ төдий чинээ уур, айдас зэрэг муу сэтгэлээс ангижирч, тэр хүний сэтгэл ханамж, аз жаргалын үзүүлэлт гадны нөхцөл байдлаас үл хамааран маш өндөр түвшинд байж болдог аж. Үүнийг буддын лам нар орчин үеийн шинжлэх ухааны тусламжтайгаар нотолж чадлаа. “Хүмүүс уур уцаар, айдас түгшүүр, муу санаа зэргийг хүнд байнга байдаг, өөрөөр байх аргагүй мэт үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүхнээс бүрэн ангижирч амгалан жаргалтай амьдарч болно гэж Далай багш сургасан байдаг. 

Өөр өөр бусад мэргэжил, шашны хүмүүсээс илүү буддын лам нар Америкийн тархи судлалын эрдэмтдийн анхаарлыг татаж энэхүү туршилтад оролцсон нь чухамдаа буддын номлолын цаана агуу том философи, оюуны хөгжлийн маш өндөр түвшинд хүрэх арга зам байгаатай шууд холбоотой юм. Үүнийг өнөөдөр барууны эрдэмтэд онцгойлон судалж, лам нартай хамтран ажиллахыг хүсч байна. 

Орчин үеийн шинжлэх ухаан олон талаараа буддын ухаан дахь суурь ойлголтуудтай дүйж, харилцан нотлогдож байгаа талаар Мингүр Ринбүүчи өөрийн саяхан гаргасан номондоо бичжээ. Тэрээр тархи судлалын дэлхийн томоохон эрдэмтэдтэй уулзаж, бясалгал хүний тархинд хэрхэн нөлөөлж байгаа талаар шинжлэх ухааны үндэстэй тайлбарыг хийсэн төдийгүй хоосон чанар ба квантын физик, биологи ба хүний тархины үйл ажиллагаа зэрэг олон чиглэлээр судалж номондоо тусгасан нь барууны орнуудад ихээхэн анхаарал татаж байна.


 


Чухам яагаад буддын лам нарын тархины үйл ажиллагаа ийм өндөр түвшинд хүрч, тэдний сэтгэл ханамжийн гамма долгион ийм удаан хугацаанд хадгалагдаж, тэр нь эргээд ямар үр нөлөөнд хүргэдэг талаар мэдэх нь буддын ухааныг шүтэж ирсэн монголчууд бидний хувьд маш чухал асуудал юм. 

Ерөөс хүний амьдралын утга учир зүгээр нэг үр удмаа үлдээх, идэх, унтахдаа бус маш том агуулга зорилготой бөгөөд үүгээрээ адгуус амьтнаас ялгаатай. Энэ ялгааг олон янзаар тайлбарлаж болох ч үндсэн гурван ялгаа нь: нэгдүүгээрт, хүн мэдлэг дамжуулах чадвартай, хоёрдугаарт, хүн соёлыг бий болгодог, гуравдугаарт, хүн хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэддэгт оршиж байна. Ийнхүү үхнэ гэдгээ мэддэг учраас хүн амьдралын утга учрын тухай, амжуулж хийх зүйлийнхээ тухай эргэцүүлж өөрийн гэсэн философитой болдог. 

Монголчуудын хувьд буддын ухаан нь амьдралын гол философи болсон хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд бид суу билигт хутагт хувилгаадтай, гайхамшигт эрдэм чадалтай лам нартай байсан. Харамсалтай нь өнөөгийн монголчууд оюунлаг амьдралыг эрхэмлэж сэтгэлгээг хөгжүүлэх нийтлэг эрмэлзэл багатай байна. Бид бүхэлдээ хэрэглээ, мөнгө, худал хуурмаг, бухимдалд дийлдэн, явцуу, хязгаарлагдмал, эрх чөлөөгүй байх шиг санагддаг. Иймээс ч ихэнх хүмүүс буддын ухаанд шашин, сүсэг бишрэл талаас нь илүү хандаж, цаад философи, гүн гүнзгий утга агуулгыг нь орхигдуулж, жинхэнэ үр шимийг хүртэж чаддаггүй. 

Хүн гэж юу юм, би гэж хэн юм, бид яаж үргэлжид жаргалтай байх вэ, яагаад хүн уурладаг, яагаад зовдог, орчлон ертөнцийн мөн чанар юу болох гээд маш олон асуултад хариулах завдалгүй, урсгалаараа амьдардаг. Зөвхөн харагдаж байгаа зүйл төдийг үнэн хэмээж, бодит байдлыг маш явцуу хүрээнд ойлгодогоос хүчирхийлэл, мунхаглал, омог дээрэнгүй, гадуурхал, айдас, шунал зэрэг нь бидний дотор оршиж, хүмүүсийн сэтгэл, үзэл бодол, ёс суртахуун асар бохирджээ. Дээр өгүүлсэнчлэн, үнэндээ хүн амьтнаас ялгарч чадаж байна уу гэж асуумаар санагдах үе олон.

 Сэтгэлээ танин мэдэхүй

Буддын сургааль нь төгс төгөлдөр сэтгэлээ нээн, танин мэдэхийг онцгойлон авч үздэг. Өөрөөр хэлбэл хүн өөрийн сэтгэлийн мөн чанарыг, түүний гайхамшигт хүч чадлыг таньж мэдэх нь буддын сургаалийн цөм бөгөөд ийнхүү өөрийн сэтгэлийг бүрэн таньсан хүнийг гэгээрсэн гэдэг. Хэн бүхэн өөрийгөө ажиглан хэсэгхэн хугацаанд аниргүйд ганцаараа суухад хүний толгойд бодол санаа, сэтгэл хөдлөл буюу эмоци байнга эргэлдэж, нэг нь нөгөөгөөр солигдож, хувирч байдгийг анзаарах биз ээ. Аль нэг бодол санааг онцгойлон анхаарч түүний тухай их бодох тусам тухайн асуудал улам томрох эсвэл бодлууд хоорондоо ямар нэг логик холбоосгүйгээр хүний тархинд орж гаран байхыг ажиглах тусам хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь мөн чанартаа хувирамтгай, бодит бус гэсэн дүгнэлтэнд хүрч болно. 

Харин эдгээр хувирамтгай бодол, сэтгэл хөдлөлийн цаана маш хязгааргүй, амгалан оршихуй байдаг нь сэтгэл юм. Сэтгэлийг мэдрэхийн тулд өөрийн амьсгал авах, гаргах дээрээ анхааран төвлөрч, юу ч бодохгүйгээр хэсэг хугацаа болох хэрэгтэй. Хэдий чинээ дасгал хийж, сэтгэлийн гүн рүү нэвтэрч чадна төдий чинээ хэмжээлшгүй амгалан, аз жаргалыг мэдэрч, хязгааргүйг ухаарч болдог.

Үндсэндээ сэтгэл гэдэг нь ийм тийм биет эрхтэн, ийм дүр төрхтэй, энд байрладаг гэхээсээ илүү функци, чадвар, чанар гэж томъёологдох боломжтой. Яг л чих гэхээр сонсох, нүд гэхээр харах гэдэгтэй шууд адилтгах боломжгүйтэй ижил юм. 

Хүний сэтгэлийг далайтай зүйрлэвэл зохимжтой. Нартай цэлмэг өдөр далайн ус цэнхэртээд амгалан байдаг бол үүлэрхэг бүүдгэр өдөр далай саарал зэвхий харагддаг. Угтаа бол далайн ус нь нэг л янзаараа байгаа шүү дээ. Үүний адилаар сэтгэл нь гаднаа “өнгөө” хувиргаж, хүний бодол санаа, сэтгэл хөдлөл нь нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрээр байнга өөрчлөгддөг ч сэтгэл нэг л чанартай, тунгалаг юм. Өөр бас нэг жишээ татья. Музей дотор хүүхдээ дагуулан яваа эцэг эх хүүхэддээ музейн үзмэрийн чухал, ач холбогдойг нь гайхан шагшин ярьдаг ч хүүхэд үүнд нь төдийлөн сонирхдоггүй, тэр эцэг эхийнхээ яриаг тайван сонсч үзмэрийг эцэг эх шигээ шүтэн биширдэггүй. Хүүхдийн энэ хиртээгүй амгалан байдлыг сэтгэлтэй зүйрлэж болох юм. Сэтгэлийг ийнхүү нээж мэдрэх нь үгээр илэрхийлэгдэшгүй бөгөөд хязгааргүй. Нэгэнт энэ амгалан, жаргалтай мэдрэмжийг мэдэрч сэтгэлийн мөн чанарыг таньсан тохиолдолд ямарч хувирамтгай орчинд байсан энэ чанараа алдахгүй байж чаддаг аж.

Хүн гэдэг зөвхөн өөрийгөө, өөрийнхөө оршин тогтнолын төлөөх аминчхан бодол, айдаст хязгаарлагдсан амьтан биш юм. Түүний сэтгэлийн мөн чанараар нь харах юм бол тэрээр өөрийгөө хайрлаад зогсохгүй, бусдын хайрлах хязгааргүй их хүчтэй бөгөөд энэ нь хүн бүрт байдаг аж. Гагцхүү бид үүнийгээ хардаггүй, ухаардаггүй. Хүн тогтсон, дадаж заншсан сэтгэлгээнээсээ салдаггүй, юмыг цааш нь нарийн ухаж боддоггүй, би ба бусад, хүсэх эс хүсэх, эзэмших эс эзэмших, халууцах ба даарах зэрэг юмыг сөргөлдүүлэн, хайрцаглан боддог учраас сэтгэлгээ хязгаарлагдмал болдог аж. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр нь ихэнхдээ хүний дадал заншил байдаг бөгөөд үүнийг өөрчилж болно гэдгийг сэтгэл зүйчид хэдийнээ баталж, амьдрал дээр хэрэгжүүлдэг. Тухайлбал, архичин, хүчирхийлэгч, хоригдол, дарга, бизнесмен гээд ямарч хүнийг өөрийн тогтсон дадал зуршилаас нь салгахын тулд юмыг өөр өнцгөөс, илүү өргөн хүрээнд ойлгох чадварыг бий болгож, урлаг, спорт зэргээр хичээллүүлэх зэрэг нь сэтгэл зүйн шалгарсан аргууд мөн.


Сэтгэлийн өнгөн талд байгаа энэ хир буртаг, дадал зуршил нь хүнийг өөрийн сэтгэлээ нээж танин мэдэх, тунгалаг чанарыг мэдрэхэд маш том саад болдог. Энэ хир буртагийг угааж, өөрийгөө гадаад шалтгаан нөхцлөөс чөлөөлж, хязгааргүй эрх чөлөөг мэдрэх нь угтаа цаад жам ёсны сэтгэлээ танин мэдсэн гэсэн үг. Үүнийг лам нар, уран бүтээлч хүмүүс илүү ойлгох биз ээ. Мөн чанартаа сэтгэл нь аливаа сайн муу бодол санаа, баяртай эсвэл гунигтай сэтгэл хөдлөлөөс ангид амгалан оршдог. Ямарч хүн амгалан тайван амьдрахыг эрхэмлэж, түүн рүү үргэлж тэмүүлж байдаг нь угтаа хүн өөрийн сэтгэлийн мөн чанар луугаа ойртох гэж, түүн лүгээ төгөлдөр болох гэсэний шинж юм.


Эцэст нь дахин нэг жишээ татья. Нэгэн ядуу хүн өөрийн гэрийн хажууд эрдэнэс баялгаар дүүрэн том авдар байгааг мэдэхгүй олон жилийг өнгөрөөжээ. Нэг өдөр түүнд энэ талаар найз нь хэлж, тэрээр эрдэнэсийг олж, тансаг орд харш, хувцас хунартай болж жигтэйхэн баяжиж гэнэ ээ. Асуулт: хажуудаа эрдэнэсийн авдартай ядуу хүн, тэр баялгаа мэдээд амьдрал ахуйдаа ашиглаж байгаа хүн хоёрын аль нь баян бэ. Аль ч нөхцөлд энэ ядуу хүн баян байжээ, ганц ялгаа нь ядуу хүн өөрийнхөө боломж нөөцийг мэдээгүй олон жилийг өнгөрөөсөн аж. Харин тэр эрдэнэсийн сантай авдрын талаар мэдсэнээс хойш түүний амьдрал өөрчлөгдөж, тэрээр ядуурал гачлангаас ангижирсан. Буддын сургааль ийн өгүүлжээ. 

Бидний амьдралд үүнтэй яг л ижилхэн зүйл тохиолддог. Бид энэ ядуу хүний адилаар өөрсдийнхөө тухай бараг юу ч мэддэггүй, өөрсдөд байгаа тэр “эрдэнэсийг” нээдэггүй, сохроор амьдарсаар өнгөрдөг нь харамсалтай. Гэтэл тэр эрдэнэ буюу сэтгэлээ нээж чадвал бидний амьдрал маш өөрөөр эргэж амьдралын чанар өөрчлөгдөхсөн.

Бидэнд сонирхолтой мэдээлэл илгээсэн МХНИ-ийн гишүүн Ундрахдаа талархаж байна.

BRAIN FITNESS | ТАРХИНЫ ФИТНЕСС
"ХӨГЖЛИЙН НУУЦААС СУРАЛЦЪЯ" - ОЛОН УЛСЫН СУРГАЛТ / ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛЫН ТУСГАЙ ХӨТӨЛБӨР
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 07 / 22
Та бие сэтгэцийн  эрүүл мэндийн ямар буйг нь мэдмээр байна уу? Тэгвэл дараах сэтгэл зүйн сорилын асуултанд хариулж, өөрийгөө оношлоод үзээрэй.
Таны төрсөн орд сонгон мэргэжил, ажиллаж буй салбартаа амжилт гаргахад нөлөөлдөг байж болох юм. Сонирхолтой ажил хэрэгч зурхайг ажлын заваарай сонирхоод нэг үзээрэй.
- 2024 / 06 / 04
Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ хаврын улиралд ядаргаанаас сэргийлж, амин дутагдлыг хэрхэн нөхөж авах вэ?
- 2024 / 04 / 01
-2024 / 02 / 29
Ажлын байрны стрессийн түвшинг бууруулмаар байна уу? Тэгвэл байгалийн гэрэлд илүү ач холбогдол өгөөрэй.
-2023 / 08 / 07
Онцгой байдлын төлөвлөгөө нь гал, бослого, иргэний үймээн, байгалийн болон хүний учруулсан гамшигаас үүдэн гарах амь нас, өмч хөрөнгө, ажлын аюулгүй байдалд учрах аюулыг аль болох бага байлгах үүрэгтэй.
-2022 / 09 / 12
Биднийг шөнө унтаж байхад эсийн нөхөн сэргээлт явагдаж хэрэггvй эс устан, шинэ эс төлждөг байна. Хvний бие 100 тэрбум орчим эсээс бvтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ.
HR Фото